ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 20
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Францад болсон Их 7 [Их долоон улс]-ийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас Хойд Солонгос улстай хийх энхийн дипломат ажиллагааг манлайлахыг хүссэн бол Их 7-ийн удирдагчид Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, кибер гэмт хэрэг, Японы иргэдийг хулгайлсан шийдэгдээгүй асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. (Ройтерс)
Беларусын удирдагч Александр Лукашенко тус улсаас Украин (Урейн) улсад цэргийн аюул занал учруулахгүй хэмээн мэдэгдэж, Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленськийгээс өмнөх хатуу үгсийнхээ төлөө уучлалт хүссэний зэрэгцээ, Украин (Урейн) улсад Беларусыг өдөөн хатгахгүй байхыг уриалжээ. Энэ нь Украин(Урейн)-ы нэг командлагч Украин (Урейн) улс Беларусын нутаг дахь болзошгүй 500 байг тогтоосон гэж анхааруулсны дараа болжээ. (Киев Индепендент)
Саяхан зарлагдсан АНУ–Ираны харилцан ойлголцлын санамж бичгийг олон улс орон, олон улсын байгууллагууд сайшаажээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага, Хятад, Европын томоохон удирдагчид, Европын Холбоо, Арабын Лиг, Африкийн Холбоо, Турк, Ливан, Кувейт улсууд бүс нутгийг тогтворжуулахын тулд үүнийг бүрэн хэрэгжүүлж, дипломат ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалжээ. (Синьхуа)
6-р сарын 15-нд [Украин (Урейн)-ы] Киев хотод Оросын пуужин, дроны томоохон халдлага болж, 5 хүн амь үрэгдэн, 35 хүн шархдаж, Киев-Печерскийн лаврын сүмийн цогцолбор дахь XI зууны Успенийн дуганы дээврийг шатаажээ. Гал сөнөөгчид галыг тогтоон барьж, албаны хүмүүс шүтээн дурсгалуудыг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл даяар өөр олон арван соёлын дурсгалт газар, орон сууцны барилгууд, дэд бүтэц мөн өртсөн байна. (Киев Индепендент)
Иран улс Афганистанд 591 афган хоригдлыг хоёр үе шаттайгаар шилжүүлэн өгчээ. Албаны хүмүүс дипломат хүчин чармайлтын дараа цаазаар авах 8 ялыг урт хугацааны хорих ял болгон хөнгөрүүлсэн бөгөөд шилжүүлэн өгөх ажиллагаа цаашид ч хийгдэх төлөвтэй байна гэж мэдэгджээ. (Кабул Трибюнь)
Катарын буяны байгууллага дэлхийн дүрвэгсдийн зовлонг онцолж, шилжин нүүсэн иргэдийн дунд хоол хүнс, ус, орогнох байр, эрүүл мэндийн тусламж, боловсрол, амьжиргааны тогтвортой байдлыг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг оруулах зорилгоор “Дүрвэгч бүрийн майханд түүх бий” аяныг эхлүүлжээ. Катарын буяны байгууллага ийм тусламжийг Пакистан, Этиоп, Чад, Египет, Кени, Жибути, Бангладеш, Малайз, Йордан, Турк, Ливан зэрэг хүлээн авагч орнуудад үзүүлдэг байна. (Катарын мэдээний агентлаг)
Бельги, Франц, Швейцар улсууд 2027 оны 7-р сараас эхлэн [Бельгийн] Брюссель, [Францын] Страсбург, [Швейцарын] Базель хотуудыг холбосон шинэ өндөр хурдны төмөр замын туршилтын үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ нь хил дамнасан холболтыг бэхжүүлж, богино зайн нислэгээс бага хүлэмжийн хийн ялгаруулалттай хувилбарыг санал болгохыг зорьж байна. (Бао Тинь түк)
Улигт бодол-албадмал үйлдлийн эмгэг [OCD] нь байнгын, хүсээгүй бодол, түгшүүрийг намжаахын тулд давтан хийдэг үйлдлээр илэрдэг. Хэт их цэвэрлэх, дахин дахин шалгах зэрэг шинж тэмдэг нь ихээхэн шаналал үүсгэж, өдөр тутмын хэвшлийг алдагдуулдаг. Мэргэжилтнүүд энэ эмгэгийг удамшил, тархины химийн үйл явц, амьдралын туршлагатай холбоотой гэж үздэг. Олон хүн танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ, эм, гавлын гаднах соронзон өдөөлтийн тусламжтайгаар OCD-ийг амжилттай хянаж байна. (ВьетнамНет)
BMJ [Британийн анагаах ухааны сэтгүүл]-ийн томоохон мета-анализаар шар буурцгийн хүнс тогтмол хэрэглэх нь даралт ихсэх эрсдэлийг 29 хүртэл хувиар бууруулдаг, хамгийн тохиромжтой үр нөлөө нь өдөрт 60–80 граммд ажиглагддагийг харуулжээ. Кали, магни, изофлавон зэрэг шим тэжээл нь цусны судсыг эрүүл байлгахад дэмжлэг болдог. Мөн судалгаагаар шар буурцгийн бүтээгдэхүүн тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэггүй нь батлагдаж, тэнцвэртэй хооллолтод дүпү аюулгүй болохыг харуулжээ. (ВьетнамНет)
Нидерландын Авондвиердаагсе [“дөрвөн өдрийн үдшийн алхалт” гэсэн утгатай] явган алхалтын наадамд ойролцоогоор хагас сая хүн оролцдог. Энэ арга хэмжээ жил бүр зуны эхээр болж, хүүхдүүдийг хөдөлгөөн хийх, орчноо танин мэдэхэд урамшуулдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ уламжлал нь биеийн эрүүл мэндийг сайжруулж, тэсвэр хатуужил төлөвшүүлэн, хамтын нийгэмлэгийн холбоог бэхжүүлдэг байна. ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан]-ийн тайланд дурдсанаар энэ нь голланд хүүхдүүд дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхдүүдийн тоонд багтдагийн нэг шалтгаан юм. (Гардиан)
[Индонезийн] Төв Сулавесид 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Палу хотын оршин суугчид ил задгай газар руу дүрвэж, барилгууд эвдэрч сүйдэн, эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Эрх баригчид хэсэгчилсэн сүйрэл болж, олон удаагийн давтан чичиргээ мэдрэгдсэн ч цунамигийн аюул үүсээгүй гэж мэдээлжээ. (Чаннель Ньюс Азия)
Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн өндөрлөг Хайши тойрогт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, дор хаяж 1 хүн амь үрэгдэж, 4 хүн бэртэж гэмтжээ. Эрх баригчид 320 орчим аврагч илгээж, ойролцоох нүүрсний уурхайнуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тээвэр, цахилгаан, усны шугам хэвийн ажиллаж байна гэж мэдээлжээ. (Ройтерс)
Хэдэн өдөр үргэлжилсэн бороо Бразилын кофе тариалдаг гол бүс нутгуудын ургац хураалтад саад болж, хатааж байсан үрийг норгон, зарим жимсийг газарт унагажээ. Агрономичид чийгшил нь мөөгөнцөр, бактерийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна анхааруулжээ. 6-р сарын хоёрдугаар хагаст дахин бороо орох төлөвтэй байна. (Ройтерс)
Австралийн Цаг уурын товчоо Номхон далайн халуун бүсэд Эль Ниньо цаг уурын үзэгдэл бүрэлдсэнийг баталж, 1950 оноос хойших цаг агаарын хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг болж болзошгүй гэж мэдээлжээ. Энэ үзэгдэл Австралийн хөдөө аж ахуйд заналхийлж, Америк тивд их хэмжээний хур тунадас, Ази, Австрали тивүүдэд илүү халуун, хуурай нөхцөл авчрах төлөвтэй байна. (Ройтерс)
Италийн эрчим хүчний Eni компани болон [Италийн] орон нутгийн нийтийн үйлчилгээний Hera групп Равенна-д 100 сая еврогийн өртөгтэй байгаль орчны төвийг барьж дуусгав. Тус төв нь үйлдвэрийн хог хаягдал боловсруулах байгууламж, био нөхөн сэргээлтийн үйлдвэр, томоохон нарны цахилгаан станц, түүнтэй холбогдсон шинэ ванадийн урсгалт батарейн эрчим хүч хадгалах системийг нэгтгэсэн бөгөөд 7-р сард үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ. (Ройтерс)
Европын жуулчны баазуудын холбоо болох Европын Алдартай зочид буудлууд нь веган аяллыг хялбар болгохоор 23 улсын 80 жуулчны баазад веган сонголтыг өргөжүүлжээ. Тус санаачилга нь хүнстэй холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд бүс нутгийн, бүхэл хүнсэнд суурилсан хоолыг нэвтрүүлж байна. (Веган Фүүд & Ливин)
[АНУ-ын] Сан-Антонио мужийн зохиолч Дора Рамирес (веган) Мексик веган хоолны номоороо Хүнсний ногоонд төвлөрсөн ангилалд нэр хүндтэй James Beard Media Award шагнал хүртжээ. Уг номд гэр бүлийн жорууд болон Мексикийн өнцөг булан бүрийн хоол, түүний дотор уугуул иргэдийн хоолыг хослуулжээ. (Сан-Антонио Экпсресс Ньюс)
Их Британийн амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг [PETA] төрөл зүйлийн ялгаварлалыг эсэргүүцэж, веганизмыг сурталчлахаар Мийтопиа Глазго [ИБУИНВУ-ын Шотланд дахь амьтан-хүний махан хоолны наадам]-ын гадна талд “нохойн шорлог” эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Идэвхтнүүд шарагч дээр амьд мэт нохой-хүний дүрс ашиглан нийгэм яагаад гахай-ардыг иддэг мөртлөө нохой-хүмүүсийг идэхийг хүлээн зөвшөөрдөггүйг асууж, бүх амьтан-иргэдийн зовлонг эн тэнцүү авч үзэхийг олон нийтэд уриалсан байна. (PETA UK)
[АНУ-ын] Кентаки мужид орших Христийн шашны ашгийн бус Beyond Uganda байгууллага болон Mt. Zion Баптист Сүмийн сайн дурын ажилтнууд ачааны 2 контейнерыг нэгийг нь номын сан, нөгөөг нь компьютерын лаборатори болгон хувиргахаар цугларчээ. Барилгын ажил дууссаны дараа уг контейнеруудыг Уганда улс руу илгээж, орон нутгийн сурагчид, багш нарт нэн шаардлагатай боловсролын нөөцөөр хангана. (WPSD Local 6)
АНУ-ын мужууд Сайн санаатны хуулийг өргөтгөж, халуун тээврийн хэрэгслээс тэжээвэр амьтан-хүмүүсийг аварсан хүмүүсийг хуулийн хариуцлагаас хамгаалж байна. Мэргэжилтнүүд машины доторх температур хурдан огцом нэмэгдэж, амьтан-ардын амь насанд эрсдэл учруулдаг гэж анхааруулж байна. Дэмжигчид олон нийтэд орон нутгийн эрх бүхий байгууллагад хандаж, тухайн мужийн аврах зааврыг дагахыг уриалж байна. (Дэ Анимал Рескью Сайт)
Оманы яаралтай тусламжийн операторууд хахаж амьсгал нь боогдсон 15 настай охины гэр бүлд утсаар заавар өгч, түүнийг аврахад тусалжээ. Гэр бүл нь алхам алхмаар анхны тусламжийг дагаснаар биеийн байдал нь дордохоос өмнө амьсгалыг нь сэргээсэн байна. (Таймс оф Оман)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Мэддэг хүмүүс ярьдаггүй. Ярьдаг хүмүүс мэддэггүй.” – Хүндэт Гэгээрсэн Их багш, гүн ухаантан Лаоз (веган) (BrainyQuote)
Өмнө нь Жонни Дэвисийн клиник үхэлд орсон тохиолдлын 1-р хэсэгт Жонни гэнэт зүрх нь зогсож, 16 минут гаруй хугацаанд судас нь цохилохоо больсон тухайгаа ярьсан. Эмч нар түүний биеийг аврахын төлөө тэмцэж байх зуур Жонни өөрийгөө цэвэр хайр, амар амгалан, төгс аниргүй газарт очсон бөгөөд тэнд нэгэн дуу хоолой түүнд түүний цаг болоогүй, буцах ёстой гэж хэлсэн тухай ярьсан юм. 2-р хэсэгт Жонни эмнэлгээс гарсныхаа дараахан удалгүй, түүний хэлснээр айлчлалууд эхэлсэн үеэс эхэлнэ. Эхнэр нь ямар нэг байдлаар нэгэн гарц нээгдсэн гэж итгэж байсан бөгөөд тэдгээр туршлагын нэг нь бага насны дотнын найзынх нь талийгаач аавтай холбоотой байжээ.
Тэгээд аав нь зүүдэнд минь над дээр ирсэн. Би түүнийг яг одоо дэлгэцээр таныг харж байгаа шигээ тод харж байлаа. Би орон дээрээ хэвтэж байсан. Би унтаж байсан ч сэрүүн, ухамсар минь сэрүүн мэт байсан бөгөөд түүн рүү харж байлаа. Тэр миний дээр хөвж, дөрвөн удаа: “Би түүгээр бахархаж байна. Би түүгээр бахархаж байна. Түүгээр бахархаж байна.” гэсэн. Харин би “Бурхан минь” гэж бодсон. Бие минь саажсан мэт байсан ч би айгаагүй.
Жонни найздаа хэлэхээс цааргалж байсан ч оюутны ахан дүүсийн холбооны нэг анд нь пастор байсан бөгөөд тэр мессежийг дамжуулахыг зөвлөжээ. Эцэст нь тэр утсаар ярьж, харсан зүйлээ хэлэхэд найз нь утсаа тасалжээ. Маргааш нь Жонни түүнийг гомдоосондоо уучлал хүсэхээр дахин залгав. Тэгэхэд тэр: “Чи намайг гомдоогоогүй.” гэж хэлсэн. Тэр “Би зүгээр л сэтгэл хөдлөлдөө хэт автсан. Учир нь би үүнийг л мэдэхийг хүсэж байсан. Би өөрөөсөө энэ асуултыг дахин дахин асуудаг байсан. Би ямар хүн болж төлөвшсөнөөрөө тэр бахархдаг байсан эсэхийг л мэдэхийг хүссэн, харин чи надад хариуг нь өглөө.” гэж хэлсэн.
Түүнээс хойших жилүүдэд тэр холбоо бүдгэрч, ер бусын айлчлалууд нь эцэстээ зогссон гэж Жонни хэлсэн. Гэвч түүний туулсан зүйлсийн нөлөө улам гүнзгийрсэн аж. Энэ надад урам өгдөг. Өнөөдөр дэлхийд өрнөж буй бүхнийг бодоход энэ намайг зоригжуулж, тайтгаруулдаг. Хэрэв хүн өөрийгөө хэн гэдгээ мэдрэхгүй бол амархан залилуулж, хууртагдаж, өөрийн мөн чанар, жинхэнэ боломжид үл нийцэх зүйлсийг мэдэрч, хийхээр удирдуулж, замаасаа төөрдөг. Харин өнөөдөр өөрийн туулсан туршлагаар би бусад бүхнээс илүү хүчтэй болсон. Би бусад бүхнээс илүү их урам авч, зоригжсон. Учир нь одоо надад юмс үнэхээр ямар байж болохын нэгээхэн дүр зураг харагдсан. Энэ нь хүний оршиж буй арьсны өнгө, гаднах биед бус, харин үнэхээр сүнсэнд хамаатай гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгох зурвасхан дүр зургийг надад харуулсан. Тухайн хүний дотор орших энергийн тухай юм. Тиймээс бид гаднах зүйлд хэт баригдаж болохгүй. Жинхэнэ бодит байдал бол таны харж чадахгүй зүйл. Жинхэнэ бодит байдал бол үл үзэгдэх зүйл юм. Энэ надад тохиолдсон юм биш, харин миний төлөө тохиолдсон. Би хөгжиж, цоо шинэ хүн, бүр огт өөр хүн болохын тулд энэ тохиолдсон юм. (Клиник үхлийн судалгааны олон улсын холбоо [IANDS])